БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД АВЛИГЫН ЭСРЭГ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газраас тогтмол зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчийн 148 сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, 261 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, Албан бус-насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн зэрэг нийт 1187 албан тушаалтныг хамруулан авлигын эсрэг цахим сургалтыг зохион байгууллаа.

Боловсролын салбарын албан хаагчдад “Авлига, авлигын шалтгаан, нөхцөл”, “Авлигын хор уршиг ба ангилал”, “Нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”,  “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийж сургалтад оролцогчдын асуултад хариулж, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгөв.

Цаашид 21 аймгийн боловсролын салбарын албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 6 дугаар сард үе шаттайгаар зохион байгуулах юм.

mnMongolian